TIME OUT
Майн Рид: Хурлийз бүсгүй
Огноо: 2018-03-06 19:31
Нийтлэгч: Б.Наранчимэг

Английн зохиолч Томас Майн Ридийг “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Зоригт анчин бүсгүй” зэрэг бүтээлээр нь монголчууд андахгүй мэднэ. Тэгвэл энэ удаад түүний “Хурлийз бүсгүй” адал явдалт, хайрын романсыг уншсан сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Майн Рид энэхүү зохиолд хоёр зууны тэртээх алс өрнөдийн үзэмжит байгаль, ахуй амьдрал, боолчлол, нийгмийн аж байдлыг нэн сонирхолтойгоор дүрсэлжээ.

Тухайн үедээ л өндөр боловсролд тооцогдох сонгодог коллежийг дүүргэсэн ч түүнээс сэтгэлийн аз жаргалыг мэдэрч чадаагүй англи хөвгүүн Эдвард адал явдлын эрэлд мордож алс өрнөдийг зорьж буйгаар зохиол эхлэдэг юм. Тэрбээр “Өрнөдийн гоо бүсгүй” хэмээх хөлөг онгоцонд  суусан нь Титаник хөлөг онгоцон дээрх үйл явдлыг эрхгүй сануулна. Юу гэвэл, тэр хөлөгт залуухан өв залгамжлагч, өвөрмөц угсааны креол бүсгүй Ежээни Безансон суух бөгөөд Эдвард яг Жек шиг цаашдын хувь заяагаа хэрхэхийг тэнгэрт даатгасан нэгэн байлаа.

Ежээни авхай бол харахаас гоо үзэсгэлэн төдийгүй бодохоос элэг зүрхийг гижигдэх ааль зан, ахуу төрх нь аяндаа бахдах сэтгэлийг төрүүлэм. Мөн дээдсийн хүрээлэнд байж хэзээний догьшорсны нь илтгэх хэнэггүй дэгжин, хөдөлж барих байдал, хээнцэрлэг хувцас хунар нь гол шиг зүс царай нь зурсан юм шиг зохилдсон тул Эдвардын шохоорхлыг эрхгүй татна. Тиймээс онгоц сүйрэх мөчид түүнийг аврах гэж амь насаа дэнчинд тавьснаар “сохорсон биш завшив” гэгч болдог. Учир нь Ежээни авхайн гэрт ухаан орсон Эдвард түүний боол, хурлийз бүсгүй Аврорад анхны харцаар дурлана.

Аврора хэдий боол ч гэлээ уншиж, бичиж, хөгжимдөж чаддаг үзэсгэлэн гоо төгс бүрдсэн нэгэн байлаа. Луизианад хосгүй хөөрхөн эрлийз бүсгүй гэгддэг Аврораг өөрийн болгохыг хөрөнгө чинээтэй эр хүйстэн бүр хүснэ.

Хайр гэдэг хүний харцанд, дуу хоолойны өнгөнд, гар хүрэх төдийд мэдрэгдэж болдог тийм ариун нандин зүйл болохыг зохиолч хүн төрөлхтөнд мэдрүүлэхийг хичээжээ.

Эдвардын хувьд “Аврора бүсгүйг царайлаг гэж хэлэх нь түүнийг гутаан доромжилж тамалж буй мэт санагдах” ажээ. Аврора бол өсгөлөн маш эелэг, бие галбир нь өөгүй зохицсон, жижигхэн уран гартай, долгиотсон хар үс, гялалзсан нүд, жирвийсэн хөмсөг, жимсэн улаан хацар, хээнцэр уруул бүхий хөөрхөн царайтай бүсгүй юм.

Мөн ч “гоо үзэсгэлэн ертөнцийг аврана” гэж хэн нэг нь дэмий хэлээгүйг энэ роман батлана. Учир нь түүний хосгүй гоо үзэсгэлэн нь нийгмийн тэгш бус ялгааг таны нүднээ үгүйсгэж чадах шидтэй ажгуу. Тэд бие биедээ хайртай боловч тэдний дунд гүн хавцал байх мэт. Учир нь Аврора бол тухайн үедээ л адгийн заяанд төрсөн боол бүсгүй юм. 

“Хэрэв сэргэг хүмүүжүүлэгч харгалзсан юм уу өчнөөн төчнөөн харуул манасан, баян өв залгамжлагч залуухан авхайгийн хойноос хөөцөлдөх байсан бол надад хавьгүй хялбар байх сан. Тийм бүсгүйг тойрсон олон бараа бологчдыг аргална гэдэг бол ёстой л “хүүхдийн тоглоом” байх сан. Дөрвөн мөрт шүлэг сараачиж, цонх өөд нь хана дамжин мацна гэдэг бол бүх л ард түмний балай заншил, атгаг сэжгийн өөдөөс  зүрхлэн сөрж зогсохтой харьцуулбал өргөс авах лугаа адил хялбар билээ” гэж Эдвард нэгэнтээ сүүрс алджээ.

Энэ бол “Хурлийз бүсгүй” романы гол шугам, үйл явдлын зангилаа юм.  Мөн түүнчлэн үзэсгэлэнт боол Аврора, англи залуу Эдвард нарын хайр сэтгэлд тулгарсан хамгийн хүнд бэрх асуудал байлаа.

Эдвард энэ агуу хайрынхаа төлөө эрх мэдэлгүй, сул дорой, өрөвдөлтэй байдалд орсон Ежээни Безансон авхайн өөрийг нь гэх хайр сэтгэлийг таягдаж, Авроратай адил боол заяанд төрсөн негрүүдэд туслахыг хичээж өмгөөлөгч Доминийк Гаяар, балмад Билл нартай нэгийгээ үзнэ.  Мөн хайртай бүсгүйгээ эрх чөлөөт нэгэн болгохын төлөө зориг самбаа гаргаж, ухаан бодлоо чилээсний дүнд жинхэнэ аз жаргалаа олдог юм.

Зохиолч хэдийгээр номын өмнөтгөлд өөрийгөө гол баатар биш гэж онцолсон боловч би үүнд итгэхийг хүсээгүй.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа