Нийгэм
Хөвсгөлд болсон боксын тэмцээний үеэр хүүхдийн амь эрсэджээ
Огноо: 3-7
Нийтлэгч: read.mn

Одоогоос хоёр сарын өмнө (нэгдүгээр сарын 13-16-нд) Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод боксын өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болжээ. Энэ тэмцээний үеэр эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай явдал болсон байна. Юу болсон гэвэл, насанд хүрээгүй хоёр бяцхан хүү рингэнд тулалдсан бөгөөд нэг нь газар дээрээ ухаан алджээ. Улмаар Мөрөн хотын эмнэлэгт аваачсан ч гурав хоног ухаан орохгүй байсаар тэндээ нас барсан аж. Нас барсан хүүгийн үхлийн шалтгааны талаар мэдээлэл авахаар эмчтэй нь холбогдоход “Би тэр хүүд шаардлагатай арга хэмжээг авсан эмч байна. Гэхдээ яг одоо мэс засалтай байна” хэмээн утсаа тасалсан юм. Болсон явдал, хүүгийн үхлийн шалтгааны талаар эмчээс мэдээлэл авахаар дахин хэд хэдэн удаа залгасан ч холбоо барьж чадсангүй.

Хүү рингэнд гарахынхаа өмнө толгой өвдөөд байна хэмээн хэлж байсан ч түүний үгийг хүлээж авах хүн тэнд байгаагүй гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна.

Хохирогч хүүгийн гэр бүлийнхэн цагдаагийн байгууллага хүүгийн үхлийн шалтгааныг хурдан тогтоохоор ажиллахгүй байгаа гэж үзэж байгаа юм байна. Тиймээс ч энэ асуудлаар нэлээд өндөр төвшинд асуудал тавиад байгаа аж. Гэвч хүүгийн үхлийн шалтгаан нь тогтоогдохгүй байсаар хоёр сарын хугацаа өнгөрлөө. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бие эрүүл мэндийг нь шалгаж рингэнд гаргах үүрэгтэй хүн нь дасгалжуулагч, рингний шүүгч, эмч шүүгч бөгөөд тэд хариуцлага алдсан байх магадлалтай гэнэ. Хэрэв тэд дүрмээ сайн барьж ажилласан бол хүү өнөөдөр эсэн мэнд, энх тунх байх байсан гэх хүн ч бас байна. Хүү рингэнд гарахынхаа өмнө толгой өвдөөд байна хэмээн хэлж байсан ч түүний үгийг хүлээж авах хүн тэнд байсангүй гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна.

Боксын спорт нь эмч, эмнэлгийн албаны дүрмийг хатуу мөрддөг төрөл юм. Гэтэл тэмцээний үеэр эмч байгаагүй гэж ярих хүн байна. Хүүгийн үхлийн асуудлаар гадагшаа мэдээлэл цацахгүй байх тал дээр ихэд анхаарч байгаа хэмээн хэлэх хүн бас байна. Энэ үхэл боксын тэмцээний үеэр нас барсан тохиолдол анхных биш гэнэ. Хоёр жилийн өмнө Эрдэнэт хотод болсон тэмцээний үеэр нэгэн хүү тархиндаа хүнд гэмтэл авснаас удалгүй нас барсан байна. Иймэрхүү харамсалтай явдал ар араасаа болж байхад Монголын боксын холбоо, салбар хариуцсан яам тодорхой тайлбар өгөхгүй байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа