TIME OUT
Ш.Чимэдцэеэ: Эмэгтэй хүн олон зүйлээр хань нөхөр хийж болдгийг би ойлгосон
Огноо: 3-7
Нийтлэгч: Б.Наранчимэг

 

МУГЖ, дуучин Ш.Чимэдцэеэтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ярилцлаа.

-Танд удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. Энэ өдрийг та хэрхэн өнгөрүүлдэг вэ. Хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Урьд бол Мартын найман гээд сүйд болдог байлаа шүү дээ. Одоо бол Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг болж. Эмэгтэй хүмүүс энэ өдрийг өөрийнхөө амьдралын утга учрыг олох, юу хүсч, юунд зорьж, тэмүүлж яваагаа олж мэдэх өдөр байлгаасай гэж хүсдэг.  Миний хувьд баяр бүхнээр баярлаад байхыг боддоггүй ээ. Цагаан сар, наадам хоёрт л их ач холбогдол өгдөг. Энэ бол монгол хүний эрхэмлэн дээдэлвэл зохих баяр. Ээжийгээ  байхад би Мартын наймнаар захиа бичиж явуулж билээ. Аймгийнхаа холбоон дээрээс Уулбаяны шуудангаар дайж явуулсан юм. Сумаас цаашаа морьтой улаач хөдөөний айлуудад шууданг нь хүргэж өгнө. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн гэдэг амьтан эхийн хэвлийгээс унаж, энэ орчлонд ирдгээс хойш энэ өдөр ээжийгээ л баярлуулж байгаасай гэж хүсдэг дээ.

-Таныг үр хүүхэд, хань ижил, ард түмэн чинь энэ өдөр онцгой сайхан баярлуулсан тохиолдол байна уу?

-Энэ ард түмэн  намайг бишгүй их баярлуулсаан. Тэр бүхнийг одоо нэг бүрчлэн тоочоод баршгүй нь. Шүүдрийн дуслаар цай чанаж өгөхөд  маань  ээж  “Чимэдцэеэ, чи шүүдэр мүүдэр гэж дэмийрч явахаар ажлаа л сайн хийвэл барав” гэж хэлсэн. Одоо бодоход их ухаантай хүн байжээ. Харин хожим “Тэнгэр ээж минь өршөө” дууг зохиогоод дуулж өгөхөд миний ээж жигтэйхэн их баярласан. За миний хүү “Ээж нь их  башийж байна. Ээжийнхээ өндийж хөхүүлсэн  ачийг хариуллаа гэж бодоорой” гэж хэлсэн юм. Харин би одоо ээжийнхээ адил үр хүүхдүүддээ “Ажлаа л сайн хий. Тэгвэл ээж нь баярлана” гэж хэлдэг болсон.

-Таны бүх л амьдрал ард түмний нүдэн дээр байлаа. Ингэж амьдрах ер нь хэцүү юу?

- Надад айхавтар хэцүү  зүйл байгаагүй. Аахар шаахар юм бичдэг л байсан. “Чимэдцэеэ хар захаас хуйхалсан хонины толгой аваад явлаа” ч гэх шиг. Надад энэ бүхэн ердөө хэцүү санагдаж байгаагүй. Хачин хэцүү санагдсан нэг л зүйл байдаг. Шар сонинг хүмүүс их шохоорхдог байсан үед хадан дээр алцайгаад суусан нүцгэн хүүхний биен дээр миний толгойн зургийг хайчлаад наачихсан зураг нэг сонин дээр том гэгч нь гарч байсан юм. Тэр хүүхэн дэлэн хөхөө сэрийлгэчихээд, урд руугаа нарийхан алчуур унжуулчихсан. Тэгсэн дээр нь Чимэдцэеэ Украйнд пивоны рекламанд тоглосон гээд биччихсэн байж билээ. Тэгэхэд надад их эвгүй санагдсан. Зохиолч Маам гуайн эхнэр Дунгаамаа тэр зургийг харж байснаа “Чимэдцэеэгийн боовон хөл” биш байна гэсэн. Тэр үед би Украйн орж үзээгүй байлаа шүү дээ.

-Хүн бүр энэ амьдралыг  өөрийнхөөрөө  туулж, ухаарч  амьдардаг шиг санагддаг. Таны хувьд эмэгтэй хүн, тэр дундаа монгол эмэгтэй хүн яаж амьдрах хэрэгтэй гэж боддог вэ?

- Зарим хүмүүс эмэгтэй хүнийг эр хүний далбаан дор амьдардаг, номын хавчуурга  шиг үздэг. Эмэгтэйчүүд ч өөрсдийгөө  ямар нэг юмны хавсарга гэж үздэгээ болих хэрэгтэй. Чингис хааны ээж Өүлэн  ямар  ухаантай эмэгтэй байв. Мандухай хатан гэж ямар зоригтой, ухаалаг эмэгтэй билээ. "Гайхамшигт дэлгэц" төслөөр миний дүрийг нь бүтээсэн Цогт тайжийн ээж оюун санааны өндөрлөгт хүрсэн хүн байж. Ингээд бодохоор монгол эмэгтэйчүүдэд энэ бүх чанар бий. Эмэгтэй хүн өөрийгөө манлайлагч, эр хүнийг чиглүүлэгч гэж боддог байх хэрэгтэй. Өөрийнхөө ертөнцийг бий болгож, өөрийн гэсэн үзэл бодолтой, эрдэмд шамддаг, сайхан хувцасладаг, монгол хүн гэдгээрээ бахархдаг, түүнийгээ оюун санаагаараа илэрхийлдэг байх хэрэгтэй гэж боддог доо.

-Жилийн өмнө таны бэр хүндээр өвдөж, та хандивын тоглолт хийж байсан. Одоо бэр тань гайгүй юу?

-Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Эдгэх ч өвчин байна, эдгэхгүй ч өвчин бий. Одоо гайгүй дээ.

-Та одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Намайг бүгд мэдэж байгаа биз дээ. Би бол ганцаараа хүн. Ханьтай байсан үе бий. Гэхдээ гэр орноо авч явж чаддаггүй, хүний нөмөрт амьдардаг, хүний хөрөнгөөр амьдардаг эрчүүд байдаг. Тийм нэг гэрийн эзэн гэх хар юмыг чирж явснаас ганцаараа байсан нь дээр гэж боддог болсон. Заавал хажуудаа нэг хар хүнтэй байж тэр нь хань болно гэсэн үг биш.

Хань гэдэг чинь хажуудаа заавал нэг хар юм байлгахын ч нэр биш. Эмэгтэй хүн зөндөө олон юмаар хань хийж болно. Сайн ажиллаад, алдар нэрээрээ хань хийж, алдар нэрээ эр хүн шиг хүндэлж, мандуулж болно. Оюун санаагаараа хань ижил хийж болно. Олон зүйлээр  хань ижил хийж болно. Би тэгж боддог болсон.

-Та саяхан “Чимэдцэеэгийн хишиг өдөр” тоглолтоо хийх гэж байгаад цуцалчихсан. Хүндэтгэх  шалтгаан байсан л байх?

-Сар бүр “Чимэдцэеэгийн хишиг өдөр”  тоглолт хийдэг байсан. Сүүлийн хэдэн сар хийж чадсангүй ээ. Энэтхэгт 200 гаруй орны бясалгагч хүүхнүүдийн наймдугаар чуулган болох гэж байгаа юм. Тэндээс надад урилга ирсэн. “Тэнгэрийн нулимс шиг бүсгүй” гэж гурван актав дуу дуулсан минь дэлхий дахинд түгсэн бололтой. Тэр дууг дуулж өгөөч гэж хүссэн. Тэгээд хойшлогдоод байна. Мөн энэ сарын тавны өдөр “Бүүвэйн дууны лекц” концертоо хийх гэж байгаад цуцалсан. Би одоо Өмнөд Монголд багшилдаг болсон. Гэтэл тавны өдөр би тэнд хичээлтэй болж таарлаа.
-Бүүвэйн дууны талаар  судалгаа хийж, цомгоо гаргаж, лекц уншдаг болсон. Таны лекцэнд сууж чадаагүй эмэгтэйчүүд, хүүхнүүдэд энэ талаараа ярьж өгөөч?

-Дорнод аймгийн Баяндун сумаас, Дархадын хотгор хүртэл явж, би бүүвэйн дууг зургаан жил судалсаан.

Бүүвэйн дуу бол хувь хүний хүмүүжилд онцгой ач холбогдолтой зүйл. Хэвлийдээ байх үеэс нь  ээж хүн үрдээ зориулж бүүвэй аялж өгөх хэрэгтэй. Бүүвэй бол зүгээр нэг унтуулах арга  биш. Ээж хүн хүүхдийнхээ насны цөвийг нь арилтал бүүвэйн дуу аялж өгөх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдээ элгэндээ тэврээд, зөөлхөн ганхаж, бүүвэйлдэг ёстой юм шүү дээ. Бүүвэй сонсож өссөн хүний сэтгэл нь зөөлөн болдог.

“Жангар”, “Нууц товчоо” зэрэгт  өгүүлснээр үр хүүхдийнхээ таван үеийг дуудаж бүүвэйлдэг байсан юм билээ. Харалдай тайжийн хүүлэй, бүүвэй бүүвэй, Хар лусын хааны ачлай, бүүвэй бүүвэй гэх мэтээр ийм мундаг хүний үр сад сайн сайхан яваасай гэхдээ хэдэн үеэр нь дуудаж бүүвэйлдэг байж дээ. Ээж минь ч биднийг ингэж бүүвэйлж өсгөсөн. Өлгийтэй хүүхдийнхээ хажууд сүх тавина. Гэхдээ сүхний мөрийг хүүхэд рүүгээ харуулаад бүүвэйлдэг байсан.

-Монгол үндэстний бахархал болсон уртын дууны талаар судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалж, өв соёлоо хадгалан үлдээх тал дээр та жинтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Гэсэн ч уртын дууг зарим  залуус төдий л сайн ойлгож хүлээж авахгүй байх шиг санагддаг?

-Уртын дууг зориод, намайг гээд зориод ирсэн хүүхдүүд цөөнгүй бий. Гэхдээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, энэ олон сувгаар  уртын дуу  нэг их явуулахгүй юм. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмэнд энэ уртын дууны сайхныг мэдрүүлэх хүчтэй шүү дээ. Гэтэл шал дэмий мэдээллээр хүмүүсийн тархийг дүүргээд байна. Бас төр засгаас уртын дууг бодлогоор дэмжихгүй байна. Үүнд л жаахан сэтгэл дундуур явдаг даа. Би монгол хүн гэж цээжээ дэлдээд байхаас биш монгол хүн гэдгээ мэдрүүлж чадахгүй хүмүүс олон байна. Монгол хүн бүр насан туршдаа гурван л уртын дуу сурчихаасай гэж би боддог юм. Үнэнийг хэлэхэд залуу байхдаа би ингэж бодож байгаагүй ээ. Богино дуу дуулж яваад Норовбанзад багшдаа загнуулсан үе ч бий. Багш маань Соёлын яаманд "ховлоод", дахиж намайг цахилгаан хөгжимтэй дуулуулаагүй. Гэхдээ одоо би багш шигээ бодож, сэтгэх цаг үе нь ирчихжээ.

-Уртын дууг яаж өнөөгийн залууст хүргэх вэ?

- Өнөөдөр уртын дууг хүмүүст хүргэх гэж янз бүрээр үзэж байна. Энэ нь гадныханд таалагдаж магадгүй л юм. Гэхдээ монгол хүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Мөн уртын дууг ингэж хамаагүй өөрчлөх нь уртын дууны цаашдын ирээдүйд сөргөөр нөлөөлж, үндсэн чанарыг нь алдагдуулж ч болзошгүй гэж боддог. Дуу, дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг гэж  хуучны үг байдаг. Энэ гурван юм яг адилхан гэсэн үг. Тийм болохоор би ястан бүрийн уртын дуунд санаа зовж байна. Би дарьганга хүн биш ч гэсэн дарьгангын уртын дууны уралдаан зохион байгуулж өгөөч гэж өнөөдөр холбогдох албан тушаалтнуудтай ярьчихаад ирлээ. Дарьганга уртын дуу гэхээр "Жаахан шарга", "Торой банди" хоёроос өөр дуу байдаггүй гэж хүмүүс боддог болжээ. Үүнийг хойч үе мэдэхгүй өнгөрвөл харамсалтай. Япончууд Исаша Ивака гээд хэдхэн уртын дуугаа авч үлдэхийн тулд маш их санаа тавьж байна. Олон улсын уралдаан хүртэл зохион байгуулж, би түүнд нь очоод түрүүлсэн. Даяаршил гээд  гүйгээд байж болно. Гэхдээ энэ дунд дангаараа үлдэх зүйл гэж бас бий шүү дээ.

-Та  уртын дууны алтан үе болсон олон сайхан багш нарынхаа талаар дурсахгүй юу?

-Норовбанзад багшийг анх 1974 оны есдүгээр сард харахад цэвэрхэн, бөмбийсөн цагаан хүүхэн байж билээ. Тэр үед  Нэргүй, Тэрбиш, Нансалмаа бид хэдийг дуучин болох магадлалтай гэж үзээд аймаг болгоноос авчирсан юм. Баян-Өлгийгөөс хүртэл нэг хүүхэд ирж байсан. Зургаан сар сураад тэр хүн ганцхан “Шар талын цэцэг”-ээс өөр юмгүй. Шараа талын цэцэг гэж дуулах юмыг Чараа гээд л эхлэнэ. Тэгээд багшид загнуулна. Манай багш яг хичээл зааж байхдаа  хатуу. Чанга багшийн гараас сайн шавь төрдөг. Би  дотно шавь нарынх нь нэг болохоор гэр орондоо аваачна.  Багш маань халуун савнаас цай уудаггүй, халааж уудаггүй хүн байсан. Яг зургаан аяга цай чанаад өвгөнтэйгээ хоёулаа хувааж уудаг. Багшдаа зориулж би “Аялгуут цагаан сондор” гэж шүлэг бичиж байлаа. Байж байгаа нь ч нэг цагаан сондор шиг, дуу нь ч цагаан сондор шиг гайхалтай хүн байсан. Тэдний үргэлжлэл бид болоод байна. Норовбанзад багшийн багш Дорждагва гуай   цэвэрхэн, цэмцийсэн өвгөн байлаа. Каракул захтай пальто, малгайтай, дал орчим насны хүн. Дарьгангын Жаахан шаргыг нийтэд түгээж өгсөн Лхамжав багш маань байна. Сүглэгмаа багш гээд энэ дөрвөн алдартай хүнээр уртын дууны А үсгийг заалгасан азтай хүн дээ, би. Багш хүн гэдэг  өндөр мэдрэмжтэй байхаас гадна шавийнхаа ирээдүйг хардаг хүн байдаг юм билээ. Би  гавьяат болчихоод жигтэйхэн баяртай, Чимэдцэеэгүй юм гэж байхгүй, олон  дахиулна. Тэгээд л багшдаа яринаа. Ингэж дахиуллаа, тэгж дахиуллаа гэхээр багш дургүй. “За за чи одоо дэмийрээд байна. Харин чи 55 наснаас хойш л сайхан дуулна гэж мэд” гэж авдаг юм. Ёстой инээдтэй. Тэр үед би жаахан гомдох шиг болж байлаа. Нээрээ би 55 хүрээд гурван актав дууг дуулсан юм шүү дээ.

Сэтгэгдэл (5)

  • Нямкаа
    Даяаршил гээд гүйгээд байж болно. Гэхдээ энэ дунд дангаараа үлдэх зүйл гэж бас бий шүү дээ.
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • Нямкаа
    Даяаршил гээд гүйгээд байж болно. Гэхдээ энэ дунд дангаараа үлдэх зүйл гэж бас бий шүү дээ.Сайхан хэлжээ
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • Нямкаа
    Даяаршил гээд гүйгээд байж болно. Гэхдээ энэ дунд дангаараа үлдэх зүйл гэж бас бий шүү дээ.Сайхан хэлжээ
    2018 оны 03 сарын 08 | Хариулах
  • test
    2018 оны 03 сарын 07 | Хариулах
  • test test
    2018 оны 03 сарын 07 | Хариулах
Сурталчилгаа