TIME OUT
Ц.Хулан:Энэ цаг үед бид шүлэг яруу найрагтайгаа үлдмээр байна
Огноо: 3-7
Нийтлэгч: Өнөрцэцэг

“Хулангийн үдэш” өчигдөр СТӨ-нөө аав ээж, найз нөхөд, үзэгч фэнүүдийнхээ халуун уур амьсгал, нижигнэсэн алга ташилтан дунд болж өнгөрлөө. Цагтаа эхлээгүй удсанаас өөр өөлөх юм байгаагүй "Хулангийн үдэш"  их зохиолч Д.Нацагдоржийн “Хавар” шүлгээр эхэлж, урин цагийн мэндийг мэдсээр  Ардын уран зохиолч П.Бадарч, Т.Галсан, Д.Урианхай нарын  томчууд болон мөнгөн үеийн яруу найрагчид болох МЗЭ-ийн ерөнхийлөгч А.Эрдэнэ-Очир, Болор цомын эзэн Б.Эрдэнэбаатар, Б.Ичинхорлоо нар шүлгэн эрхиэ өргөсөн юм. Залуу үеийн төлөөлөл болон Болор цомын гурван удаагийн дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш уригдсан байлаа.

 "Болор цом"-ын хоёр удаагийн эзэн Ц.Хулан ярихдаа  Ц.Чимиддоржийн “Малчин” шүлгийг монголын ард түмэн мэднэ. Тэрээр малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэж бичиж байлаа. Түүний уран яруу мөртүүдээс өнөөг болтол бидний анзаараагүй нэгэн зүйл байдаг. “Хүнээс мандсан нар бурхны шашин” гэж тэр хүн хэлсэн байдаг. Хамгийн сайхан үедээ хүн шүлэг бичдэг гэж боддог. Гэхдээ хүн нулимстай үедээ, цээжинд багтмааргүй бачуурсан, магадгүй өнөөдрийн энэ цаг үедээ бид шүлэг яруу найрагтайгаа үлдмээр байна. Би уншигчидтайгаа үлдмээр байна. Би монголын яруу найргийг төлөөлж монголынхоо яруу найргийн уншигчдыг цуглуулж, та нартайгаа үлдэхийн төлөө Хулангийн үдшээ хийдэг юм гэлээ. Хулангийн үдэшт дуучин Т.Ариунаа ая дуугаа өргөж, хамтран орос дуу дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулж орхисон юм. 

Тэрбээр, Өнгөрсөн он жилүүдэд шүлгийн мөртүүд өрөгдөхөөсөө илүүтэй барилгын тоосго их өрөгдөж, алтны унцийн үнэ илүү их өсөж, шүлэг сонсох хүн нэг их байгаагүй юм чинь өнөөдөр би цүнхэндээ байгаа бүх шүлгээ та бүхэндээ уншиж сонирхуулнаа гэсээр олон шүлэг хэллээ.  Дундуур нь бас амьдралынхаа жаргалтай, гунигтай мөчүүдээсээ ч харамгүй хуваалцсан юм. Түүнийг 22-хон настай залуухан ээж байхад хүү нь менингит тусан Халдвартын эмнэлэгт хэвтжээ. Тэр өдөр сувилагч “Таны орсон энэ өрөөнд өчигдөрхөн “Сумын заан” шүлгийг зохиосон, яруу найрагч Ч.Мягмарсүрэн бурхан болсон юм шүү дээ” гэж. Тэр үгийг сонссон бүсгүйн сэтгэлийг битүү манан бүрхээд авах шиг л болж, тэр мөчөөс хойш өрөөнөөсөө ч гарч чадахгүй, гараад явбал бурхан шийтгэх юм шиг санагдан хэд хоног суужээ. Тэр л гунигтай үедээ түүнд зориулан дараах шүлгийг тэрлэжээ.  

Ч.Мягмарсүрэн найрагчид зориулж бичсэн шүлэг

Хөх өвстэй талдаа бууж очих гэж

Хөдөөх найрагч босго даван одов

Мөнхжин дээрх хоёр оны завсар

Мөнөөх найрагч шингэж одов

Дээр нь амьддаа багтаж ядаж явсан

Дэлхийн хөрсөнд өлгийдүүлж

Эр хонгор нулимсаа дусааж зөөлрүүлсэн

Эх нутгийнхаа шороонд шингэв

Буруу, зөв чихэнд нь

Бурхан, ижий хоёр нь үлгэр хэлж өсгөдөг

Тоотой найрагчдаас нэг нь дутахад

Тоостой тэнгэрээс нь одод бөмбөрөвөө

Хувьдаа зүтгэсэн орчлонгийн данс мэт

Хурайлж бичсэн шүлгийнх нь тоо

Хундага харшсан найрын тоо

Хуучиртал өмсдөг дээлийнх нь тоо гүйцэвээ

Сөхөрч унахад нь ч нүдэнд үзэгдэх

Сөөсгөр хэдэн хүүхдээ үнэрлэж

Гуниггүй явсан найрагчийн

Гудиггүй амьдарсан хоногийн тоо гүйцэвээ

Гавьяа алдрыг нэхэж үзээгүй түүнд

Гар татаж амьдрал богинохон нас өгөв.

Омголон хонгор найрагчийн өмнө

Орчлон та минь өртэй үлдэв.

Энэ цагийн шүлэгч байна гэдэг

Эринийг даасан бурхан болохоос хэцүү еэ

Тэнгэрийн дор сэтгэл амар үхнэ гэдэг

Тэрүүн шиг худлаа юм найрагчдад алгаа хэмээжээ.

         Би дургүй /Энэ шүлгээ хамгийн сүүлд цаг давчуу байсан ч заавал уншина гэсээр байгаад уншсан юм/
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй

Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ

Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ

Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ

Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй

Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ

Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон

 

Аавдаа зориулж бичсэн шүлэг

Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээд 
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн шувуутай буцаасан
Санчиганд нь унах мөнгөн сорны тоолон жаргана даа тэгвэл гэхэд 
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын л ач гэж дуулдахгүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж орой болгоно
Аав минь тэгэхгүй ээ 
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ.
Ээдрээт 1000 харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйдэг.
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг.
Адгаж ижий нар радио шиг үглэнэ.
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын нүүдэл шиг хаа нэг дуугарна.
Бие өвдлөө гэж ижий нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг.
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд нар 
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг.
Ачийг тань хариулна гэж олон жил худлаа ярилаа.
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавъяатан шиг 
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт 

Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ.
Гараа өргөж үг дуугүй дайсандаа бууж өгөх мэт 
Гарцаагүй том алгаа дэлгээд та тэднийгээ хөтлөнө.
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч атлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно.
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навч мэт орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа.
Хазайлгаж болохгүй юм шиг нэрээр чинь би овоглосон 
Халуун зүрхний уярал хайр гунигийг тань хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа охин нь 
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

                                 Эх орон танаа

            Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
            Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
            Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
            Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
            Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
            Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
            Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар 

            Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
            Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
            Ямар ялгаатай байдаг юм
            Ясны нимгэн, цусны өнгөөр
            Монголоо хэд хуваах гэсэн юм
            Яагаад миний сэтгэлд харин
            Бүтнээрээ байдаг юм, эх орон...
            Алтайг давж, Өлгийг орхисон  хасгууд чинь
            Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
            Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
            Захчин, торгууд амтай хэлтэй   мянгад чинь
            Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
            Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
            Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
            Болоо юм биш үү, эх ороон?
            Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
            Орь  залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
            Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
            Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
            Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
            Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
            Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
            Хар толгойны дээр отго жинс л тогтдог
            Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
            Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
            Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
            Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
            Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
            Соёмбо алтарсан ууланд минь
            Солонго тоглосон талд минь
            Хулан хулжаах говьд минь
            Хуур эгшиглэх монгол гэрт минь
            Ялгуусан  төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
            Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
            Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
            Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
            Тоосон дундаас сарваа  даага шиг
            Торойтол ганцаараа түрүүлээд ир
            Торгууд, халх, буриад чинь
            Тосоод авна эх орон минь
            Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
            Сөхрөөд уная, эх орон минь
            Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
            Тэврээд авна, ард түмэн чинь!

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа