Нийгэм
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бидэнд юу өгөв
Огноо: 2018-03-08 13:16
Нийтлэгч: read.mn

 

 

 Гуравдугаар сарын найманд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, 100 гаран жилийн түүхт энэ өдрийг улс орнууд алгасалгүй тэмдэглэж ирлээ. Жил бүрийн энэ өдөр эмэгтэй хүний нийгэм дэх байр суурь, эрхийн асуудлуудыг онцлон ярьж өнгөрөөдөг ч өнгөрсөн арав, хорь, гучин жилийн хугацаанд дэлхий нийтэд ямар өөрчлөлт, дэвшил гарав?

 Мэдээж 1908 онд 15.000 эмэгтэй сонгох эрхийнхээ төлөө, илүү дээр цалин хөлсний төлөө, өдрийн 15 цаг биш, үл ялиг богино цагаар ажиллахын төлөө Нью Иоркийн гудамжинд гарч жагссан үетэй харьцуулахад олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ дэлхий нийтийн хүйсийн тэгш бус байдал, харилцаа бүхэлдээ сайжирсан уу гэвэл үгүй. 100 жилийн өмнө эмэгтэйчүүд цалин, орлогоо нэмүүлэхийн төлөө тэмцэж байсан, 2018 онд мөн л тэмцсээр. Дэлхийн Эдийн Засгийн Форумын мэдээлж буйгаар ойрын 100 жилд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин, орлогын түвшин ижил хэмжээнд хүрэхгүй гэнэ. Энэхүү цалингийн зөрөөнөөс тооцоолон, дунджаар бодоход 2017 онд эмэгтэйчүүд 51 өдөр үнэгүй ажилласан байна. Манай улсад хүйсийн ялгаан дээр суурилсан цалингийн зөрүү мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа тухай бага сага судалгаа бий. Жишээлбэл, мэдээлэл технологийн салбарт эмэгтэй ажилчдад ажилд орох болон цалингаа нэмүүлэх бололцоо эрчүүдийнхээс хамаагүй бага. Түүнчлэн улс төр, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байна. Нийгмийн хүрээнд эмэгтэй хүнд хандах хандлага, хүлээн авах ойлголт зэрэг нь учир дутагдалтай. Энэхүү тэгш бус байдлын тухай цөөн тооны төрийн бус байгууллагууд ярихаас өөр дорвитой хийсэн зүйлгүй хэвээр 21 дүгээр зуун гараад хориод жил өнгөрлөө.

Хоёрдугаарт анхаарал хандуулах шаардлагатай чухал асуудлаар эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг онцолж буй юм. 2017 он Хойд Америк болон барууны бусад орнуудад энэ тухай мэдээллээр хахаж цацсан жил болж өнгөрлөө.

Холливудын алдартай кино продюсер Харви Вейнштейн маш олон эмэгтэй жүжигчдийг бэлгийн хүчирхийлэл, дарамтанд оруулсан тухай мэдээллүүд хөвөрч, хохирогч болсон эмэгтэйчүүд me too буюу 'би ч бас' гэсэн уриа үгийн дор Холливуд дахь бэлгийн хүчирхийллийн үнэн дүр төрхийг зориглон илчилсэн юм. Тийнхүү олон улс оронд #metoo чагт тэмдэглэгээ бүхий эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өрнөв.

Энэ нь 2018 он гарснаар өргөжиж, барууны энтертайнмент ертөнц тэр чигтээ #TimesUp буюу 'Цаг нь болсон!' уриан дор, хүйсийн тэгш бус байдал болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэн нэгдэж эхэлсэн юм. Энэхүү хөдөлгөөн Алтан Бөмбөрцөг наадам болон Академийн шагнал гардуулах ёслол зэрэг нөлөө бүхий үйл ажиллагаануудаар дамжин олон нийт болон дэлхий дахинд үлгэр үзүүлж байна. Монгол Улсад эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн тоон үзүүлэлт буурахгүй байна. Жилд дунджаар 300 гаруй бэлгийн хүчирхийлэл хуулийн байгууллагад бүртгэгдэх боловч үүнийг нийт хэргийн арваад хувь л хэмээн үздэг аж. Үлдсэн мянга мянгаар тоологдох хүчирхийлэл чимээгүй өнгөрдөг. Энэ л нөхцөл байдлыг даамжруулахгүй байж, охид эмэгтэйчүүдээ хамгаалахын төлөө гурав дугаар сарын 8-ны өдрийг идэвхтэй тэмдэглэн өнгөрөөх хэрэгтэй. Энэ өдөр урлаг, утга зохиол, улс төр, шинжлэх ухаан аль ч салбарын хэн ч болов хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо, бүх аргаар илэрхийлэгтүн! Хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг зоригжуулан, дэмжиж, дуу хоолойг нь сонсож чадвал тэрхүү metoo болон TimesUp зэрэг хөдөлгөөн шиг хүчирхэгжих боломжтой юм. 2018 оны Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн сэдэв юу вэ? Энэ жилийн энэхүү өдрийн хүрээнд онцолж буй сэдэв бол #PressforProgress буюу хэвлэл мэдээллээр дамжуулан эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг онцлон чухалчлах тухай юм. Энэ нь 2018 оны турш metoo болон TimesUp хөдөлгөөн идэвхтэй үргэлжлэх ба хэвлэл мэдээлэл үүнийг таны анхаарлаас гаргахгүй байх тал дээр анхаарна гэсэн үг. НYБ энэхүү уриалгыг дэлхий дахинаа хүргэж буй бөгөөд нэгэнт Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдгийн хувьд хэвлэл мэдээллийн салбарыг энэ асуудал дээр гар нийлэн хамтран ажиллахыг уриалж, илуу өргөн хүрээнд хэлэлцэх ёстой билээ.

Энэ өдөр та юу хийж чадах вэ?

1. Тухайн нийгэм, орон нутаг дахь тэгш эрхийн төлөө хөдөлгөөн, сангуудад хандив өгөх.

 2. Мэдээлэлтэй байж, тус өдөр болох арга хэмжээнд өөрийн биеэр оролцох. 3. Энэ өдөрт зориулсан өөрийн арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах.

 4. Өөрийн эрэгтэй хүүхдүүдээ ийм үйл ажиллагаанд оролцуулах замаар тэгш эрхийн харилцааны төлөвшил олгох.

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа