Нийгэм
Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байна
Огноо: 3-8
Нийтлэгч: read.mn

 

Эмэгтэйчүүд энэ өдөр цэцэг, бэлэг авч баярлахаас илүүтэй өөрсдийн эрхийн төлөө тэмцдэг болоод байна. Өнөөдөр л гэхэд Сүхбаатарын талбайд өөр өөр чиглэл зорилготой эмэгтэйчүүдийн гурван ч жагсаал өрнөлөө.

Дэлхийн 205 улсын эмэгтэйчүүдтэй нэгдсэн хүчирхийллийн эсрэг жагсаал

“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий энэхүү жагсаалыг “Хөөрхөн зүрхтнүүдийн аян”, "Лантуун дохио" ТББ болон "Гүнж" төв хамтран зохион байгуулж буй юм. Мөн жагсаалд ХСИС, АШУҮИС-ийн оюутнууд оролцож байна.



Дэлхийн долоон тэрбум хүн амын гурван тэрбум нь эмэгтэйчүүд байдаг аж. НҮБ-аас гаргасан судалгаагаар гурав эмэтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг нь тогтоогдсон байна. Тиймээс хүчирхийлэлд өртөж буй нэг тэрбум эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт энэхүү жагсаалыг зохион байгуулдаг байна. Харин Монгол Улсын тухайд таван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Тиймээс жагсаал зохион байгуулагчид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хууль эрхзүйн орчныг сайжруулах, гэрч, хохирогчдыг хамгаалах боломжийг бүрдүүлэхийг төр, засаг болон хууль хяналтын байгууллагуудаас шаардаж буй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурлыг арилгатал эмэгтэйчүүд жагсана

Мөн энэ өдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” хагас нүцгэн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү цуглаанаар гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардаж буй юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж.
Мөн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн гэв.

Баярыг хавтгайруулж биш эрхийнхээ төлөө тэмцэхийг уриаллаа

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна.

“Ардын уран зохиолч Т.Галсан “Жилд 365 хоног байдаг бол Монголын баяр 990 хоног болж хавтгайрчээ” гэсэн утгатай шүлэг бичсэн байдаг. Өнөөдөр үнэхээр зохиолчийн маань хэлсэн шиг болсон байна. Жилийн 365 хоногт хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байгаарай Монголчуудаа гэж уриалж байгаа жагсаал юм. Тэрнээс биш төр засагтаа гомдол нэхэх нь манай жагсаалын зорилго биш. Энэ жагсаалд сайн дураараа ирсэн. “Мартын 8” гэдэг баярыг хавтгайруулахгүйгээр эрхийг хамгаалах ёстой гэдгийг сануулж байна” гэлээ.

Б. Номин-Эрдэнэ

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сурталчилгаа